“Талд ургасан чулуу” гэрэл зургийн үзэсгэлэн болж байна

“Талд ургасан чулуу” гэрэл зургийн үзэсгэлэн болж байна

БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ болон “Их газрын чулуу БЦГХЗахиргаа” хамтран зохион байгуулж буй “Талд ургасан чулуу” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнд “Их газрын чулуу” БЦГ-ын байгаль газарзүйн онцлог, биологийн олон янз байдал, өвөрмөц тогтоц болон ан амьтдын 40 гаруй бүтээл тавигдаж байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтэнд ЦУНБХТ, Их газрын чулуу БЦГХЗахиргааны удирдлагууд, албан хаагчид болон Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан, Өлзийт сумдын багш, сурагчдын төлөөлөл, нийслэлийн ерөнхий боловсролын 32,52-р сургуулийн “Эко клуб”-ын сурагчид оролцлоо.

Нээлтийн үеэр Их газрын чулуу БЦГХЗ-ны дарга Р.Баттүвшин тал нутгийн ой болсон “Их газрын чулуу” БЦГ-ын байгалийн тогтоц, биологийн төрөл зүйл болон хамгаалалтын захиргааны үйл ажилагааг танилцуулан “Говийн бүсийн байгаль, газарзүйн онцлог шинжийг илтгэсэн гэрэл зурагчдын фото зургуудаар дамжуулан олон нийтэд суртачлан таниулах, зорин ирэх дотоод гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байгааг” онцлов.

Мөн ЦУНБХТ-ийн захирал Т.Бүдээхүү хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй Их газрын чулуу БЦГХЗахиргаа болон хүрэлцэн ирсэн хүүхэд, залуус, багш нартаа баярлалаа. Байгальд уялдаа холбоогүй зүйл гэж байдаггүй. Энэхүү байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Их газрын чулуу” БЦГ-ыг хүн бүр очиж үзэх боломжгүй ч энэ үзэсгэлэнгээр дамжуулан байгалийн тогтоц, биологын олон янз байдал, газарзүйн онцлогын талаар олон нийтэд суртачлан таниулах нь бидний үүрэг” гэлээ.

Үзэсгэлэн “Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв”-ийн байранд 4 сарын 16-17нд хоёр өдөр үргэлжлэнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.