Байгальд ээлтэй иргэдийг багаас нь бэлтгэж байна

Байгальд ээлтэй иргэдийг багаас нь бэлтгэж байна

Эх сурвалж: https://newsline.mn/

Г.Нямсүрэн

Монголчууд бол “Ул мөргүйчүүд” Булган аймгийн Хутаг- өндөр сумын Хантай багт шилжин суурьшсан Ч.Батцэцэг гэж бүсгүй сошиал сүлжээнд бичиж, олны анхаарлыг татаж билээ. Энэ бол монголчуудын эх дэлхийгээ, унаган байгалиа хайрлаж ирсэн уламжлал, экологийн боловсролыг оноож нэрлэсэн хэрэг байв. Монгол малчин айл нүүгээд явахдаа хог үлдээдэггүй, гэрийн буйраа цэмцийтэл цэвэрлэчихдэг. Усны эхэнд буудаггүй, урсгал усыг цэвэр ариун байлгах гэж хичээж ирсэн гээд дурдвал зөндөө олон сайн зүйл бий. Энэ бол нүүдэлчин монголчуудын өөрсдөө биеэрээ үлгэрлэж, үр хойчдоо өвлүүлж ирсэн экологийн боловсрол байв. Байгальдаа ээлтэй, хог хаягдал үлдээлгүй явж ирсэн учраас “ул мөргүй” мэт амьдарч ирсэн нь үүний баталгаа юм. Аажмаар манай улсад хотжих үзэгдэл нэмэгдсээр байгалиасаа холдох болсноор уламжлалт экологийн боловсрол мэдлэг алсрав. Иймээс бид экологийн боловсролын асуудлыг дахин шинээр авч үзэх хэрэгцээтэй болоод байна. Төлөвлөлтгүй суурьшлын бүс тэлэх болсноор агаарын болон хөрсний бохирдол нэмэгдэхийн сацуу өдөр бүр ахуйн хог хаягдлын хэмжээ өссөөр байна. Улаанбаатар хотын орон сууцны нэг иргэн өдөрт 650 гр, гэр хорооллын нэг иргэн 800-1200 гр хог гаргадаг бөгөөд  энэ нь өдөрт 3200 гаруй тонн болдог байна. Зөвхөн  гарч буй хог хаягдлыг бууруулахаас эхлээд, байгальд ээлтэй амьдрахын тулд экологийн боловсролыг илүү анхаарах хэрэгтэй болжээ.  

Байгаль орчны сургалтын ач холбогдол, хэрэгцээ шаардлага, бодит байдлын тухай сурвалжлахаар “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийг зорилоо. БОАЖЯ-ны харьяа тус байгууллага өнөөдөр тогтвортой хөгжлийн суурьтай байгаль орчны хөтөлбөрийг мэргэжлийн түвшинд тогтвортой хэрэгжүүлж буй цорын ганц байгууллага юм. “Манайх онол, практик хосолсон сургалтыг явуулдаг” хэмээн ЦУНБХТ-ийн захирал Т.Бүдээхүү хэллээ. Үнэхээр ч төвийн амьтны чихмэлийн музейгээр орсон хэдэн ч насны ямар ч хүн ховор амьтдын  амьд юм шиг үзмэрүүдтэй танилцаж, тэдний байгальд гүйцэтгэх үүргийг танин мэдэж, юуны учир яагаад ховордож байгаа талаарх мэдээллийг бодитой авдаг ажээ.

Тус төв нь монголын ховор амьтдын музей, цэнгэг усны загасны аквариум, үзэсгэлэн болон сургалт семинарын танхим, усны сургалтын лаборатори гэсэн хэсгээс бүрдэж байлаа. Тухайлбал, нэг давхарт аквариум, музейн үзмэрүүд байх бөгөөд тэнд хууль бус анчдын гарт амиа алдсан баавгайн чихмэлээс эхлээд чоно, аргаль, хар сүүлт, шонхор зэрэг 100 орчим үзмэр байгаа талаар музейн хөтөч танилцууллаа.  Байгаль орчны мэдлэг, боловсрол, зөв дадал хэвшлийг багаас нь олгох нь илүү үр дүнтэй гэдгийг тус төвийн захирал Т.Бүдээхүү тодотголоо. Тэрбээр “Тусгайлан бэлтгэсэн орчинд хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон арга барил ашиглан байгаль орчны  мэдлэг, боловсрол олгох нь илүү үр дүнтэй байдаг. Манай төв бага, өсвөр насныхан гээд тусгайлсан онцлогтой сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Бидний үйл ажиллагааны зорилго, чиглэл бол зөв дадал хэвшилтэй, байгальд ээлтэй иргэн бий болгоход чиглэдэг.   Нэгэнт тогтсон хандлагыг өөрчлөх амар биш учраас бага наснаас эхлэх нь хамгийн чухал. Тиймээс бид хүрээлэн буй орчиндоо хохирол учруулахгүй, зөв мэдлэг дадал, хандлагыг хүүхэд залууст суулгахын төлөө хичээн ажиллаж байна” гэв.

Ж.Жамбалдагва: Бид эх дэлхийдээ ээлтэй иргэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулдаг

Музейтэй танилцаж дуусаад ЦУНБХТ-ийн Захиргаа, үйлчилгээний албаны дарга Ж.Жамбалдагваас зарим зүйлийг тодрууллаа.

-Танайх ямар чиглэлийн хэчнээн хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?

-Манай төв 2011 онд Засгийн газрын 316 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан. Бид одоогоор мод тарих арга аргачлал, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент зэрэг нийт найман хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

-Эдгээр хөтөлбөрт өнгөрсөн жил хэчнээн хүүхэд хамрагдаж байгаль орчны ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн бэ?

-Бид оролцоонд суурилсан танхимын сургалтад 6544 иргэнийг хамруулсан. Үүнээс өнгөрсөн онд СӨБ-ын 1600 хүүхэд, орон нутгаас 273 иргэн манай төвөөр үйлчлүүлсэн байна. Мөн ерөнхий боловсролын 26 сургуулийн 4616 сурагчдад хүрч ажиллажээ. Мөн бид аймаг, орон нутагт хүрч ажилладаг. Өнгөрсөн жил Завхан, Хэнтий аймагт сургалт зохион байгуулсан. Бид сургалт зохион байгуулахдаа ерөнхий боловсролын сургуулийн “Эко клуб”-ийг идэвхжүүлж, чадавхжуулахыг зорьдог. Учир нь, тухайн клубийнхэн бусад сурагчдад хамгийн эерэг, сайн нөлөөлөл үзүүлж чадна.  

-Та бүхэн ямар онцлог,  арга барилаар сургалтаа явуулдаг вэ?

-Цэцэрлэгийн хүүхдүүдэд танилцуулга мэдээлэл уншиж өгөхөд тэд хүлээж авахгүй. Тиймээс тэдний насанд тохирсон богино хэмжээний хүүхэлдэйн кино үзүүлдэг. Мөн тэдний анхаарал, сонирхлыг татсан зурагт ном, танилцуулга харуулж тайлбарладаг. Ерөнхийдөө нас насанд нь тохирсон тоглоомын аргаар мэдээлэл олгодог. Бид сургалт хөтөлбөрөө хэрэгжүүлэх арга барилаа тогтмол сайжруулж, сурагчдад чанартай мэдлэг мэдээлэл олгохыг хичээдэг.   

-Ер нь хүүхдүүдэд байгаль орчны боловсролыг бага наснаас нь олгох ямар давуу талтай вэ?

-Байгаль орчныг бохирдуулагч нь хүн. Тиймээс тухайн хүний болон олон нийтийн хандлагыг өөрчлөхгүйгээр мод тарих, уриалах гэх мэт зорилтот ажил хийгээд ямар ч үр дүн гарахгүй. ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн агуулга байгаль орчны боловсролын мэдлэг мэдээлэл олгоход хангалттай биш байна. Тиймээс бидний зохион байгуулж буй албан бус сургалтанд цэцэрлэгийн насныхан, сургуулийн сурагчдыг хамруулахад нээлттэй гэдгийг хэлмээр байна. Та бүхэн манай төвөөр зочлохын тулд бидэнтэй урьдчилж холбогдож цаг авах ёстой. Мөн хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж өөрсдийн автобус унаагаар ирж үйлчлүүлэхийг зөвлөж байна.

-Сүүлийн асуултаараа та бүхний цаашдын зорилгыг тодруулъя?

-Манай төв СӨБ, ЕБС-ийн сурагч, оюутан залууст чиглэсэн байгаль орчны албан бус сургалтын хөтөлбөртэй, байгаль орчны сургалт судалгаа мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын цорын ганц байгууллага гэж хэлж болно. Бид цаашид олон улсын жижигт нийцсэн Байгаль орчны судалгааны төв болох зорилго тавин ажиллаж байна. Ирээдүйн иргэдийг зөв хандлага, мэдээлэлтэй болгох нь олон улсын байгаль орчны бодлогын нэг том зорилго байдаг.

 Хүн болох багаасаа

Хүлэг болох унаганаасаа гэдэг. Тэгвэл байгаль орчинд ээлтэй, эх дэлхийнхээ дусал ус, ширхэг өвсийг ч хайрлан хамгаалдаг ганцхан зөв дадал хэвшилтэй ирээдүйн иргэнийг бий болгоход эцэг эх, багш, холбогдох салбарынхан, төр засаг гээд бүх талын оролцоо, цогц хамтын ажиллагааны үр дүнд бүтээх тул, дараа биш одоо л эхэлцгээе.

“Internews Earth Journalism” сүлжээний дэмжлэгтэй хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв.