Байгаль орчны мэргэжил сурталчлах сургалт боллоо

Байгаль орчны мэргэжил сурталчлах сургалт боллоо

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” Налайх дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран “Ногоон ирээдүй ба бидний мэргэжил” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөгийг Налайх дүүргийн ерөнхий боловсролын 119-р сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгууллаа.

Байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцагчдын тоо сүүлийн жилүүдэд цөөрч байгаагийн хэрээр эл салбарт ажиллах хуний нөөц хомсоджээ. Тиймээс байгаль орчны салбарын хөгжил, ирээдүйн үнэ цэнийг хүүхэд, залууст ойлгуулах, төрийн өмчийн их сургуулиудын хөтөлбөрүүдийг танилцуулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор уг үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байгаа юм.

2021-2022 оны хичээлийн жилд манай улсын их, дээд сургуулиудыг 31.2 мянган оюутан төгссөний ердөө 1.3 хувь нь байгалийн ухааны чиглэлээр суралцагсад байжээ. Төгсөгчдийн зонхилох буюу 51.6 хувь нь хууль, эрх зүй, боловсрол, бизнесийн удирдлага, эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлийнх байсан бол 15.8 хувь нь барилгын инженер мэргэжил эзэмшжээ. Байгаль хамгааллыг сайжруулж, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, тогтвортой, ногоон хөгжлийг цогцлооё гэвэл энэ салбарыг мэргэжлийн боловсон хүчээр хангах, ажиллагсдын үнэлэмжийг сайжруулах шаардлагатайг багш, мэргэжилтнүүд ярьж байна. Дашрамд дурьдахад жил бүр мэргэжлээ хэрхэн сонгох тал дээр  төгсөх ангийнханд зориулсан сургалт өдөрлөг явагдаж байгаа нь тэдэнд дөхөм болж байгааг оролцогч хүүхдүүд онцолж байлаа.