“WORLD CLEAN UP DAY 6” ХӨДӨЛГӨӨНД 21 АЙМАГ НЭГДЛЭЭ

“World Clean Up Day” Дэлхийн цэвэрлэгээний өдөр Монгол улсад 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Тус хөдөлгөөн нь дэлхийн 180 гаруй улсад зохион байгуулагддаг томоохон хөдөлгөөн бөгөөд энэ жилийн үйл ажиллагааны тухай Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв /УТҮГ/-ын захирал Н.Булгантамиртай ярилцлаа.


Та World Clean Up Day-н тухай товч танилцуулна уу?

World Clean Up Day (Дэлхийн цэвэрлэгээний өдөр) нь НҮБ-д бүртгэлтэй эх дэлхийгээ цэвэрлэх хөдөлгөөн юм. Тус хөдөлгөөн дэлхий даяар иргэд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд хамтран хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.

Энэ нь нэг өдрийн цэвэрлэгээ бус, харин хог хаягдлаас урьдчилан сэргийлэх, хариуцлагатай хэрэглээний дадлыг төлөвшүүлэх, хог хаягдлын дахин ашиглалт, боловсруулалтыг дэмжих дэлхийн хэмжээний санаачилга юм.

Анх 2008 онд Эстони улсад “Let’s Do It!” хөдөлгөөнөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр олон улсад түгэн дэлгэрч, World Clean Up Day болон өргөжсөн.

World Clean Up Day-д жил бүр олон арван сая хүн дэлхийн 100 гаруй орноос нэгдэн оролцдог бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том сайн дурын байгаль хамгааллын хөдөлгөөнүүдийн нэг юм.

Монгол улсад Clean Up хэзээнээс зохион байгуулагдсан бэ?

Монгол Улс World Clean Up Day хөдөлгөөнийг сүүлийн 5 жилийн турш амжилттай хэрэгжүүлж байна. Монгол дахь Clean up хөдөлгөөн нь туул голын ай сав газрын цэвэрлэдгээрээ онцлогтой бөгөөд хамгийн оргил жилдээ 1 байршилд 10 000 гаруй залуус цуглаж, цэвэрлэгээ хийсэн.

Монгол ёс заншилд энэ нь буяны үйл хэрэг байдаг бол шинжлэх ухааны хувьд бид ундны эх үүсвэрээ хамгаалж буй чухал үйл хэрэг юм. Хамгийн чухал нь энэхүү хөдөлгөөн нь сайн дурын өдөрлөг болж хөгжиж байгаа нь олон залуусыг хүмүүнлэг, хариуцлагатай, байгаль орчиндоо хайртай, дэлхийн иргэн болж төлөвшихөд нь нөлөөлж буй хэрэг юм.

Энэ жил Clean Up хэзээ болох вэ?

Clean Up нь дэлхий дахинд 09-р сарын 3 дахь долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулагддаг. Тийм ч учраас энэ жил Clean Up хөдөлгөөнийг 09-р сарын 19-ний өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ жилийн Clean Up ямар онцлогтой вэ?

Энэ жил Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв /УТҮГ/, JCI Progress салбар байгууллага, Clean Up Mongolia мөн байгаль орчны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран Монгол Улсын 21 аймгийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид зөвхөн Улаанбаатар хотод Туул голыг цэвэрлэх бус 21 аймгийн хүрээнд Улс даяар үйл ажиллагаагаа зохион байгуулах боломжтой болж байна.

Энэ ташрамд бидний үйл ажиллагааг дэмжиж, бидэнтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн бүх аймгийн Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газар, Сав газруудад талархаж байгаагаа илэрхийлье.

Clean Up хөдөлгөөнд хэрхэн нэгдэх вэ?

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон Clean Up Mongolia-н фейсбүүк пэйж хуудас болон албан ёсны цахим хаягууд болон 21 аймгийн хүрээнд зар тавигдана. Тиймээс та бүхнийг манай цахим хаягуудтай ойрхон байхыг хүсье. Бүртгэл 09-р сарын 05-ны өдрөөс улс даяар эхэлнэ.