“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-аас залуучуудын усны боловсролыг нэмэгдүүлэх, усны үнэ цэнийг олон нийтэд таниулах, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Youth for Water Festival” арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус фестиваль нь хотын иргэд, залуучуудыг гол мөрөн, усны нөөцийн үнэ цэнтэй танилцуулахын зэрэгцээ усны тогтвортой хэрэглээ, хамгааллын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаагаар үргэлжилсэн юм.

Фестивалийн онцлог нь оролцогчид байгальтай ойр орчинд цагийг өнгөрүүлж, голын урсгалын чимээг мэдэрч, иог, бясалгал зэрэг үйл ажиллагаанууд явагдлаа. Энэ нь ус зөвхөн хэрэглээний нөөц төдийгүй хүний сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдралын чанарт чухал нөлөөтэй болохыг ойлгуулахад хувь нэмэр оруулсан юм.

“Youth for Water Festival” нь усны үнэ цэнийг олон өнцгөөс харуулж, залуучуудын оролцоо, санаачилгыг дэмжсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөсөн бөгөөд цаашид усны нөөцийг хамгаалах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Цаашид “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ нь усны боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, усны нөөцийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр олон нийтэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулах болно.