Н.Булгантамир: World CleanUP Day In Mongolia-6 арга хэмжээний албан ёсоор нээгдлээ.

Дэлхий даяар сая сая хүнийг нэгэн зорилгын дор нэгтгэж, байгаль орчноо цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, зөв зохистой хэрэглээ болон байгальд ээлтэй дадал хэвшлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой World Cleanup Day хөдөлгөөн Монгол Улсад зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улс тус хөдөлгөөнд тав дахь жилдээ нэгдэн оролцож байгаа бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт таван удаагийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, мянга мянган залуус, иргэд, байгууллага, сайн дурынхныг нэгтгэн ажилласан байна. Эдгээр үйл ажиллагааны хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, байгаль орчны бүсүүдийг цэвэрлэхээс гадна хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг зөв зохистой цуглуулах, байгаль орчинд ээлтэй хэрэглээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн юм.

Энэ жилийн World Cleanup Day in Mongolia – 6 арга хэмжээг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллагууд болон төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах юм.

World Cleanup Day in Mongolia нь зөвхөн нэг өдрийн цэвэрлэгээний үйл ажиллагаа бус, хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, ангилан ялгах, дахин боловсруулах зөв дадал, хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх, иргэдийн байгаль орчны талаарх оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой олон нийтийн хөдөлгөөн юм. Иймээс уг үйл ажиллагаанд иргэдээс гадна аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, оюутан залуус, сайн дурынхан өргөнөөр оролцох боломжтой.

World Cleanup Day in Mongolia төсөл нь өмнөх жилүүдийн үйл ажиллагаа, үр дүнгээрээ үндэсний болон олон улсын түвшинд үнэлэгдэж ирсэн. Тус төсөл 2025 оны “Алтан Сарнай” наадмын Байгаль орчны оны шилдэг төслөөр шалгарсан бөгөөд 2026 оны JCI Asia-Pacific Conference-ийн хүрээнд “Best International Human Duties Project” шагналыг хүртсэн байна.

2026 онд уг арга хэмжээг төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн нийт 15 байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд улс орон даяар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, цэвэр, эрүүл орчныг бүрдүүлэх, хог хаягдлын менежментэд зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд World Cleanup Day in Mongolia – 6 арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэд, сайн дурынхан болон байгууллагууд урьдчилан бүртгүүлж, үйл ажиллагаанд нэгдэх боломжтой.

Улаанбаатар хотын оролцогчдын бүртгэлийг дараах холбоосоор хүлээн авч байна:

https://forms.gle/jR3FTh7FvWgjmMbP8

World Cleanup Day нь хүн бүрийн оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаанд тулгуурласан дэлхийн нийтийн хөдөлгөөн юм. Нэг өдрийн үйл ажиллагаанаас эхэлсэн эерэг өөрчлөлт нь өдөр тутмын зөв дадал, хариуцлагатай хэрэглээ болон байгаль орчноо хамгаалах тогтвортой хандлагад шилжих боломжтой.

Иймд иргэн бүр, байгууллага бүр өөрийн хувь нэмрээ оруулж, цэвэр, эрүүл, хариуцлагатай нийгмийг бий болгох үйлсэд нэгдэхийг уриалж байна.

World Cleanup Day in Mongolia – 6 арга хэмжээнд нэгдэж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулцгаая.