УСНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

УСНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Green Zone-ийн Өгөөдэй танхимд Усны өдрийг тохиолдуулан усны нөөц, хамгаалалт, зохистой ашиглалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн үеэр усны үнэ цэнэ, цэнгэг усны нөөцийг хамгаалах ач холбогдол, усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлуудын талаар мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрийн төлөөллүүд мэдээлэл, мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Хэлэлцүүлгийг “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын байгалийн нөөц, ойн асуудал хариуцсан мэргэжилтэн, докторант Даянжавын Цогтбаатар модератороор удирдан явуулсан бөгөөд усны нөөцийн менежмент, гол мөрний сав газрын хамгаалалт, усны экосистемийн тогтвортой байдал, загасны нөөцийн хамгаалал болон иргэд, олон нийтийн оролцооны талаар өргөн хүрээнд санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт дараах төлөөллүүд панелистаар оролцов. Үүнд:

Болд овогтой Жавхлан – Усны газрын Усны нөөцийн менежмент, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн;

Баярсайханы Оюунболд – Туул голын сав газрын захиргааны дарга, магистр;

Нямдорж овогтой Зоригт – “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын Сургалт, судалгааны албаны дарга;

Жамсран овогтой Оюунмаа – “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, байгалийн ухааны доктор;

Галсан овогтой Галтайхүү – “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн тэргүүн, Чинагийн Галсан Сангийн Удирдах зөвлөлийн дарга;

Энхтайван овогтой Молор-Эрдэнэ – “Чулуут тул, ИЛЭНХ” загас хамгаалах, үржүүлэх төслийн зохицуулагч, ахлах биологич.

Оролцогчид усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, усны бохирдол болон хомсдолоос урьдчилан сэргийлэх, гол мөрөн, усны экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв.

Мөн усны нөөцийг хамгаалах үйл хэрэгт төрийн болон мэргэжлийн байгууллагаас гадна эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо чухал болохыг онцоллоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь усны нөөцийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, усны нөөцийг хамгаалах асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Усаа хайрлаж, усны нөөцөө хамгаалах нь өнөөдөр төдийгүй ирээдүй хойч үеийнхээ амьдрах орчин, байгаль экосистемийг хамгаалах нийтлэг хариуцлага юм.

Усаа хайрлая — Байгалиа хамгаалъя.