Н.Булгантамир: Ус бол тэгш эрх, ус бол ирээдүй хойч үеийн эрх

Н.Булгантамир: Ус бол тэгш эрх, ус бол ирээдүй хойч үеийн эрх

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Н.Булгантамиртай ярилцлаа. Тэрээр өнөөдөр COP17-ийн Усны өдөрт оролцож, хүүхэд, залуучуудад усны үнэ цэнэ, усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, усаа зөв зохистой хэрэглэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч, тэдэнтэй санал бодлоо хуваалцсан юм.

Асуулт: Өнөөдөр COP17-ийн Усны өдөрт хүүхэд, залуучуудтай уулзаж, усны талаар мэдээлэл өглөө. Энэ өдрийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

Н.Булгантамир: Ус бол зүгээр нэг байгалийн баялаг биш. Ус бол тэгш эрх. Ус бол ирээдүй хойч үеийн эрх. Ус бол эдийн засаг. Цаашлаад ус бол улс үндэстэн оршин тогтнохын асуудал.

Тиймээс усны асуудлаар хүүхэд, залуучуудтай ярилцаж, тэдэнд зөв ойлголт, мэдлэг өгөх нь маш чухал. Өнөөдөр бид усны үнэ цэнэ, Монгол Улсын усны нөөц, усны хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Ялангуяа хүүхэд, залуучуудын хувьд усны асуудлыг зөвхөн “усаа хайрлая” гэсэн уриагаар бус, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх зөв дадалтай холбож ойлгуулах хэрэгтэй гэж боддог.

Асуулт: Монгол Улсын усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

Н.Булгантамир: Монгол Улсын нийт усны нөөцийн ердөө 2 орчим хувийг газрын доорх ус эзэлдэг. Гэтэл бидний нийт усны хэрэглээний 70–80 орчим хувийг газрын доорх буюу гүний уснаас бүрдүүлж байна.

Энэ бол бидэнд маш том дохио. Өөрөөр хэлбэл, бид усны хэрэглээгээ хязгаарлагдмал, эмзэг нөөцөд тулгуурлан хангаж байна гэсэн үг.

Асуулт: Усны асуудлыг эдийн засгийн асуудал гэж ярих болсон. Үүнийг хэрхэн ойлгох вэ?

Н.Булгантамир: Усны хомсдол бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ бол эдийн засгийн асуудал.

Газрын доорх усны хомсдол, ган, гачгийн нөлөөгөөр дэлхийн эдийн засагт их хэмжээний хохирол учирч байна. Улс орнууд далайн усыг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, ус дахин боловсруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр цаг минуттай уралдан ажиллаж байна.

Харин бид цэнгэг усаа машинаа угаах, хувцас угаах зэрэг ахуйн хэрэглээндээ үр ашиггүй зарцуулах тохиолдол байсаар байна.

Ус бол шатахуун шиг дуусахад нь дугаарлаад аваад байж болох зүйл биш. Усны нөөц дуусах, хомсдох эрсдэл бодитой гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

Асуулт: Тэгвэл иргэд бид өдөр тутамдаа юу хийж болох вэ?

Н.Булгантамир: Хүн бүр усны ач холбогдлыг мэддэг. “Усаа хайрлах хэрэгтэй” гэдгийг ч бүгд ойлгодог. Харин мэддэг зүйлээ дадал болгох нь хамгийн чухал.

Эндээс CleanUP & Digital CleanUP төслийн ач холбогдол харагдана.

Энэ төсөл бол зүгээр нэг хог түүдэг цэвэрлэгээ биш. Харин зөв сонголт хийх, байгаль орчинд ээлтэй дадлыг бий болгох, хүүхэд залуучуудад зөв хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой.

Байгаль хамгаална гэдэг зөвхөн нэг өдөр хог түүх биш. Өдөр бүр ямар хэрэглээтэй байна, усаа хэрхэн ашиглаж байна, хэр их ус үрж байна гэдгээс эхэлнэ.

Асуулт: Хүүхэд, залуучуудын оролцоо яагаад чухал вэ?

Н.Булгантамир: Өнөөдрийн хүүхэд, залуучууд бол ирээдүйн шийдвэр гаргагчид. Тэдний өнөөдөр бий болгож байгаа дадал маргаашийн нийгмийн хэрэглээний соёл болно.

Тиймээс усны үнэ цэнийг зөвхөн яриад өнгөрөх бус, тэднийг оролцуулах, зөв дадал бий болгоход нь дэмжих хэрэгтэй.

Өнөөдрийн COP17-ийн Усны өдөрт хүүхэд, залуучуудтай уулзаж, энэ сэдвээр ярилцсан нь ч энэ зорилготой. Усны асуудлыг тэдэнд ойлгуулахын зэрэгцээ өөрсдийн амьдрал, өдөр тутмын хэрэглээтэй нь холбож ойлгуулахыг зорьсон.

Асуулт: Ярилцлагын төгсгөлд та залуучууд, нийт иргэддээ юу хэлэх вэ?

Н.Булгантамир: Ус бол зөвхөн бидний өнөөдрийн хэрэглээ биш. Ус бол ирээдүй хойч үеийн амьдралын баталгаа.

Ус бол нэг улсын асуудал биш. Ус бол зөвхөн нэг үеийн хэрэглээ ч биш.

Тиймээс усаа хайрлая. Усны үнэ цэнийг ойлгож, өнөөдрөөс зөв хэрэглээг хэвшүүлье. Нэг хүний зөв дадал жижиг мэт боловч олон хүний зөв дадал нийлээд том өөрчлөлтийг бий болгоно.

Усаа хайрлая. Учир нь ус бол бидний төдийгүй ирээдүй хойч үеийн амьдралын баталгаа юм.