МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн байгууллага болох “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөс байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөгийг энэ сарын 27-29-ний өдрүүдэд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард уг өдөрлөгийг “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөс санаачлан анх удаа төв дээрээ зохион байгуулсан.

Өдөрлөгт МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг байгаль орчны мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг их, дээд сургуулиуд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцлоо.

Өдөрлөгийн эхний өдөр ЗГХА Ойн газрын зохион байгуулагч Ё.Гантөгс өдөрлөгт оролцож буй сурагчдад ойн мэргэжлийн талаарх мэдээлэл болон ойн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын их дээд сургуулиудыг танилцуулсан. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөө, Ойн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Түүний бэлтгэсэн нэг удаагийн гарын саван байдлаар ашиглах эко тараах материал сурагчдын сонирхлыг их татлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Мягмаржавын мэдээлснээр, нийт төгсөгчдийн 63.1 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ усны салбарын байгууллагуудад, 36.9 хувь нь бусад салбарт ажиллаж байгаа ажээ. Усны салбарт нийт 250 гаруй хүн ажиллаж байгааг мэдээлэв. Хүүхдүүд түүнээс усыг дахин ашиглах, усны нөөц дахин сэргэх боломжтой эсэх, хойд мөсөн далайн мөс хайлаад манайд нөлөөлөх эсэх зэрэг сонирхолтой асуултууд асууж ярилцлаа.

Дараагийн зочин илтгэгч ШУТИС-ийн ШСЭХС-ийн багш, дэд профессор Э.Мөнхтуяа байв. Тэрээр сэргээгдэх эрчим хүчний ойлголт, эрчим хүч үйлдвэрлэх процесс, уур амьсгалын өөрчлөлтөд эрчим хүчний салбарын үзүүлэх нөлөө, ногоон эрчим хүчний шилжилт, хог хаягдал, түлш олборлолт, тээвэр, барилга байгууламжийн үйлдвэрлэлийн хүлэмжийн хийн ялгаруулалтын талаар мэдээлэл өглөө.

”Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөгийн үеэр байгаль орчны мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд танилцуулгаа дэлгэн ажиллаж байна.