“Байгаль орчны мэдээлэл, сургалт, сурталчилгааг театрчилсан аргаар зохион байгуулах нь” сургалтыг амжилттай зохион байгууллаа

“Байгаль орчны мэдээлэл, сургалт, сурталчилгааг театрчилсан аргаар зохион байгуулах нь” сургалтыг амжилттай зохион байгууллаа

БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” /УТҮГ/-өөс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн албан хаагчид, иргэд, олон нийтэд “Байгаль орчны мэдээлэл, сургалт, сурталчилгааг театрчилсан аргаар зохион байгуулах нь” сургалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн дэмжлэгтэйгээр Налайх дүүргийн VI хорооны захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг бөгөөд Улаанбаатар хоттой хамгийн ойрхон аялал жуулчлалын бүс нутаг юм. Тийм ч учраас хог хаягдал, орчны бохирдол, зохисгүй аялал жуулчлалын асуудал нь энэ бүс нутгийн хамгийн том асуудал болж байна.

Тоо баримт дурдахад, 2023 оны 7-р сарын 11-15-ны хооронд 17.5 тонн, 2023 оны 8-р сарын 22-25-ны хооронд 20 тонн хог хаягдал зөөж, тээвэрлэж хаясан тооцооллыг хамгаалалтын захиргааныхан гаргасан байна. Өмнө хийгдэж байсан мэдлэг, хандлага, дадлын судалгаануудаас үзэхэд орчны бохирдлын асуудал нь дан ганц аялагчидтай холбоотой бус, тухайн бүс нутгийн орчны бүсийн иргэдтэй маш их хамааралтай болох нь тогтоогджээ. Тийм ч учраас энэхүү сургалтаар дамжуулан ТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн 6-р хорооны иргэд, эко клубуудыг хамруулан байгаль орчны мэдээлэл, сурталчилгааг театрчилсан аргаар зохион байгуулах арга зүйд суралцуулж, тэднээр дамжуулан орчны бүсийн иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэг, хандлага, дадлыг нэмэгдүүлж хог хаягдлыг ангилах, ариглах, ашиглах 3R дадлыг өдөр тутамд нь хэвшүүлэх зорилготой сургалтыг оролцоонд суурилсан аргаар явуулсан.

Тус сургалт арга хэмжээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид, Налайх дүүргийн VI хорооны оршин суугчдын төлөөлөл, 119-р сургуулийн эко клубын сурагчдын төлөөлөл хамрагдаж театрчилсан аргаар хүрээлэн буй орчны асуудлыг олон нийтэд хүргэх арга зүйд суралцлаа.