
“Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-ийн захирал Н.Булгантамир усны нөөцийн хамгаалал, ашиглалт, эрх зүйн зохицуулалтын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр усны нөөцийн асуудлыг зөвхөн хориглох, хязгаарлах замаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд харин усны нөөцийг нөхөн сэргээх, хамгаалах, хэрэглээний бодит хэрэгцээтэй уялдуулах, зориулалтын дагуу зохистой ашиглах зарчмыг баримтлах шаардлагатайг онцолсон юм.
Түүний үзэж буйгаар усны тухай хууль, эрх зүйн зохицуулалт нь усны хэрэглээг бүхэлд нь хязгаарлахад бус, харин усны нөөцийн тогтвортой байдлыг хангах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийн хэрэгцээг зохистой зохицуулахад чиглэх нь чухал юм.
Ус бол зөвхөн байгалийн баялаг төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьдралын чанар, экологийн тэнцвэрт байдлыг хангах стратегийн чухал нөөц билээ. Иймээс усны нөөцийг эдийн засгийн болон байгаль орчны үнэ цэнтэй нь уялдуулан авч үзэж, урт хугацааны тогтвортой менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Н.Булгантамирын онцолсноор “Ус бол байгалийн баялгаас гадна стратегийн үнэт баялаг” бөгөөд түүнийг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах нь төр, хувийн хэвшил, иргэн бүрийн хамтын оролцоо, хариуцлагатай үйл ажиллагаанаас хамаарах юм.
Тиймээс усны салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохдоо шинжлэх ухааны үндэслэл, судалгааны үр дүн, бодит хэрэгцээнд тулгуурлах нь Монгол орны цэнгэг усны нөөцийг хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал нөхцөл болно.
