“ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Жил бүрийн аравдугаар сарын 23-нд тэмдэглэдэг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөс “Ирвэс хамгаалах сан”, “Монголын ирвэс төв”, Нийслэлийн ерөнхий боловсролын 32,52, 29-р сургуулийн эко клубын сурагчид, “Хүмүүн” олон улсын сургуулийн “Ирвэс хаус”-тай хамтран тэмдэглэн өнгөрүүллээ. Хүүхдүүд цоохор ирвэсний үзэсгэлэн үзэж, амьтан судлаачдын илтгэл сонсч, хэлэлцүүлэг өрнүүлж, мэтгэлцээн зохион байгууллаа. 

“Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-т зориулсан үйл ажиллагааг нээж “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн захирал Т.Бүдээхүү үг хэлж, олон улсын өдрийн утга учир ач холбогдлын тухай товч танилцуулж, тус төвөөр тавтай зочлохыг урилаа.

“Хүмүүн” олон улсын сургуулийн “Ирвэс хаус”-клубын сурагч Ч.Ангараг “Цоохор ирвэс гэж ямар амьтан байдаг вэ?” гэсэн өөрийн бэлтгэсэн танилцуулгыг хийсэн нь сонирхолтой байлаа. 

“Монголын ирвэс төв”-ийн гүйцэтгэх захирал доктор, дэд професор Б.Мөнхцог “Ирвэс хамгаалал, судалгаа” сэдвээр танилцуулга хийсэн. 

Дэлхийн 12 оронд байдаг цоохор ирвэсийг дэлхий нийтээрээ хамгаалсны хүчинд ямар ч байсан “устаж болзошгүй” ангиллаас эмзэг ангилалд шилжсэнийг тэрээр илтгэлдээ тэмдэглэв. Хамгийн сүүлийн үеийн тооллогоор, Монголд 953 цоохор ирвэс байгаа ажээ. 

“Цоохор ирвэсийн олзоо барьдаг үндсэн арга нь гэтэж байгаад огцом үсэрч, олз бологч амьтан дээрээ буудаг. Ингэж үсрэхэд сүүл нь залуурын үүрэг гүйцэтгэдэг. Хол зайд үсрэхэд хүчирхэг хойд хөлийн түлхэлт гол үүрэгтэй. Идэш тэжээл бологч амьтад руу гэтэн үсрэхдээ 14 метр хүртэл харайх чадвартай. Өөрийн газар нутгаа хаяглан тэмдэглэдэг” гэсэн доктор Б.Мөнхцогийн илтгэл хүүхдүүдийн сонирхлыг ихэд татав. 

Мөн “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн мэргэжилтэн С.Бямбабаяр цоохор ирвэсний онцлогийн талаар хүүхдүүдтэй ярилцлаа. 

Ирвэс хамгаалах арга зам, шийдэл, экосистемийг нь тогтвортой байлгах, түүний идэш тэжээл бологч амьтдыг хамгаалахад анхаарал хандуулах, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл өгч, ан амьтныг хайрлан хамгаалах ач холбогдлыг таниулж, сурталчлах нь уулзалт, хэлэлцүүлэг үзэсгэлэнгийн гол зорилго байв.