“БИДНИЙ МЭДЭХ МАЗААЛАЙ” фото зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

2018-06-05

Биологийн олон янз байдлын тухай конвенцийг Монгол Улсын Их Хурал 1993 онд соёрхон баталснаар Монгол Улс тус конвенцид албан ёсоор нэгдэн орсон дэлхийн 30 дахь орон болсон. Уг конвенцид нэгдэж орсны 25 жилийн ой болон Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүд хамтран  30 гаруй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Байгалиа хамгаалъя” сарын аян, Тогтвортой хот суурин ба ой” сэдэвт хүүхдийн гэрэл зургийн уралдаан, “Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” эрдэм шинжилгээний бага хурал, “Ургамал оршихуйд амьдрал оршихуй” зөвлөгөөн, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зөвлөгөөн гэх мэт арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж байна.
Үүний нэгээхэн хэсэг нь  өнөөдөр манай төвийн үзэсгэлэнгийн танхимд “Бидний мэдэх мазаалай” сэдэвт фото зургийн үзэсгэлэнг дэлгэж, олон нийтэд танилцуулж байна. Энэхүү үзэсгэлэнгээр мазаалай баавгайн амьдрах орчин, идэш тэжээлийг танин мэдэхээс гадна, энэ төрлийн баавгайн зан төрхийг иргэд, хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, тэдний экологийн боловсрол хүмүүжлийг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Мазаалай хамгааллын өнөөгийн байдал
Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн 17 хөхтөн амьтдаас мазаалай баавгай байгаль дээр устаж болзошгүй тоо хэмжээнд байна. Мазаалай баавгайг судалж эхэлсэн 1967 оноос хойш түүний тоо толгой 20-35 орчим байсан. Хэдийгээр сүүлийн 50 жилд тоо толгой нь тогтмол байгаа боловч тархац нутаг нь 1940-өөд оныхоос 10 дахин, 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж багассан. Сүүлийн жилүүдийн судалгаагаар Говийн Их Дархан цаазат газарт Атас Ингэс, Шар хулст, Цагаан богд гэсэн баянбүрдийг түшиглэн 45,000 км2 нутагт хамгийн багадаа 22-31 толгой мазаалай баавгай үүнээс мэдэгдэж байгаагаар 8 эм, 14 эр бодгаль тархан амьдарч байна.
Цөөн тоотой мазаалай баавгайн тоо толгой өсөн нэмэгдэхгүй байгаа нь тухайн амьтны биологийн онцлогоос гадна түүний идэш тэжээл, задгай уст цэгийн хомсдол бий болсонтой холбоотой.
Манай яамнаас мазаалай баавгайг байгаль дээрээс устахаас өмнө нэн даруй түүний амьдрах орчин, нүүдлийн замыг сэргээн тэтгэх, хамгааллын асуудалд сонирхогч олон талын оролцоог хангах зорилгоор 2013-2016 онд хэрэгжүүлэх 5 зорилт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсэн.  Үүнийг нэг нь мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр юм. Мазаалай хамгаалах хөтөлбөр батлах тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-428 дугаар тушаалаар Мазаалай баавгайн үндэсний хөтөлбөрийг батлуулсан байна.
 
 
Бүх мэдээ