НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭКОКЛУБҮҮДИЙН СУРАГЧИД ЧУУЛЛАА.

2018-05-18

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд уриалан дуудаж, цаашлаад өрх бүрт эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг түгээн, таниулах зорилготойгоор “Ногоон паспорт” аяныг эхлүүлсэн.

“Ногоон паспорт” аяны хүрээнд БОАЖЯ, тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран нийслэлийн  ерөнхий боловсролын сургуулиудын экоклубүүдийн  сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, нэг санал санаачлагын дор нэгтгэх зорилгоор "Эко клубүүдийн чуулга" уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 18-нд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгууллаа. 
Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн 94 эко клубийн 500 гаруй багш, сурагчид хамрагдлаа.


 

Чуулганыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Та бүхэн Монголын ирээдүй. Тиймээс та бүхнийг миний санаачилсан өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх Ногоон паспорт аянд нэгдэж байгаад баяртай байна. Эко клубийнхан маань үеийнхнийгээ, томчуудыг байгаль хамгаалахад уриалж, үлгэр дуурайл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Тэрбээр байгаль хамгааллын салбарт “Хандлагаа өөрчилье” уриатай багц ажлыг хэрэгжүүлэхээр эхлүүлж байгаа бөгөөд эхний ажил нь өсвөрийн байгаль хамгаалагчдаар дамжуулж томчуудын байгаль хамгаалалд хандах хандлагыг өөрчлөх “Ногоон паспорт” аян юм. Энэхүү аяны эхлэл болгон зохион байгуулсан Эко клубүүдийн чуулганы нээлтэд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдес БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын урилгаар хүрэлцэн ирсэн юм. Хелена Молин Валдес чуулганд хэлсэн үгэндээ “Миний Монголд айлчилж буй хамгийн гол шалтгаан нь хүүхдүүд та бүхний энэхүү чуулганы нээлтэд оролцох байлаа. Монголын хүүхдүүд байгаль дэлхийгээ хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байгааг дэлхийн хүүхдүүдэд харуулахыг хүсч байна. Тиймээс та бүхэн Н.Цэрэнбат сайдын санаачилгыг маш сайн дэмжиж, ажиллаарай гэж хүсч байна. Би ирэх жил Монголд ирж, та бүхний хийсэн ажилтай танилцаж, хамгийн сайн байсан эко клубийг гадны улсуудын туршлагатай танилцуулна гэдгээ хэлье. Та бүхэн маань томчуудад, үеийнхээ бусад хүүхдэд үлгэр дуурайлалын эзэн болоорой” хэмээсэн юм.
Чуулганд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга
  нар мэндчилгээ дэвшүүлж, хүүхдүүдэд амжилт хүслээ.




Чуулганы үеэр санаачлагын хүрээнд зарлагдсан  “Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар зохион бүтээх уралдаан” -ны шагналыг гардууллаа. Уралдаанд 39 эко клуб бүтээлээ ирүүлсэнээс: 
 
 
I байранд 28 дугаар сургуулийн  “Ногоон дэлхий” эко клуб

 
II байранд 25 дугаар сургуулийн эко клубийн сурагчид 



Тусгай байранд Эрдмийн өргөө сургуулийн Энержи эко клубийн сурагчид 

Тус чуулганаар  Эко клубын сурагчид маань Ногоон пасспорт аяны хүрээнд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео уралдаанд оролцох, хог хаягдал цуглуулах марафон зохиох, байгаль орчны залуу сурвалжлагч болох, байгальд ээлтэй шинэ санаа гаргах, ногоон пасспорт аяныг сургуульдаа нэвтрүүлж, сурагч бүрийг ногоон паспорттой болгох ажлыг хийх үүрэг даалгавар авсанаар энэ удаагийн чуулган өндөрлөсөн юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан өсвөрийн байгаль хамгаалагчдаар дамжуулж иргэдийнхээ хандлагыг өөрчлөх Ногоон паспорт аян ийнхүү эхэллээ.

Бүх мэдээ