“Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент ” сэдэвт илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2017-12-12

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутан, залуусын байгаль орчны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээ, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр “Хүрээлэн буй орчин дахь бидний оролцоо” уриан дор Монгол орны хэмжээнд тулгамдаж буй орчны бохирдлын асуудлаар илтгэлийн тэмцээнийг зохион байгуулдаг. Уг тэмцээний хүрээнд 3 дахь жилдээ аюултай хог хаягдлын хадгалалт, тээвэрлэлт болон түүнээс үүдэлтэй хор уршиг нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөө үзүүлэх, учирч болзошгүй үр дагавараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээллийг түгээн дэлгэрүүлэх замаар байгаль орчноо хамгаалах, зөв хандлагыг төлөвшүүлэх, асуудлыг шийдвэрлэх оновчтой гарц олоход хувь нэмрээ оруулах зорилго бүхий “Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент ” сэдэвт илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Илтгэлийн тэмцээн 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд 2-р шатанд  шалгарсан  10 илтгэлийг өнөөдөр хэлэлцүүлж эхний 3 байрыг шалгарууллаа.
Тэмцээнийг ЦУНБХТ-ийн Ерөнхий менежер С.Нямбаяр, Хими, хими технологийн хүрээлэнгийн ЭШАА, доктор Н.Эрдэнэчимэг, МУИС-ийн ахлах багш, доктор Д.Даваадорж нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр шүүлээ.


          
                                                                       Шүүгчдийн бүрэлдэхүүн

          

         

          
Тэмцээний тэргүүн байрыг МУИС-ийн оюутан Г.Шуухааз "Хаягдал үнсийг дахин ашиглах боломж", дэд байрыг  МУИС-ийн оюутан М.Дөлгөөнбаяр “Батарейн хог хаягдал, түүний менежмент”, гуравдугаар байрыг МУИС-ийн оюутан А.Уянга “Аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих байршил сонгох нь” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлж, эхний байруудыг эзэллээ.

          

Тэмцээний үеэр төвийн үзэсгэлэнгийн танхимд “Монголын Хог Хаягдлыг Дахин боловсруулах Үндэсний Холбоо” ТББ-тай  хамтран Швейцар Улсын Базель хотноо 1989 оны 3 дугаар сард гарын үсэг зурсан “Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц”-ийг сурталчлах хог хаягдлын үзэсгэлэн, мөн ШУА харъяа Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнтэй хамтран монгол оронд тархсан үе хөлт шавжны үзэсгэлэн тус тус дэлгэгдлээ.


         

         


         

        




 
Бүх мэдээ